Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор сэтгэл зүйч, “Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Мөнхбатын Өүлэн оролцож байна.
Боловсрол
- МУИС, Сэтгэл судлал (Магистр)
Ажлын туршлага
- 2020 - 2022.02: Гэрээт судлаач, Монголын Криминологичдын Холбоо
- 2021.11 - 2023.12: Залуучуудын хөтөлбөрийн зохицуулагч, ЛГБТ Төв
- 2024.01 - 2024.11: Дэд захирал, ЛГБТ Төв
- 2024 - Сэтгэл зүйч, Youth LEAD Mongolia ТББ
- 2025.02 - Одоог хүртэл: Хамтран үүсгэн байгуулагч, Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр ТББ
- 2026.05 - Одоог хүртэл: Хөтөлбөрийн зохицуулагч, ARC Education боловсролын төв
- 2026.09 - Одоог хүртэл: Копирайтер, Ноорог медиа


Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Үүнийг яривал их урт түүх болох тул сэтгэл судлалд шинжлэх ухааных нь хувьд дуртай, мөн өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө ажиллаж чадна гэж өөртөө итгэсэндээ сонгосон юм болов уу л гэж хариулъя даа. МУИС-д анх ороод мэргэжлээ сонгохдоо программ хангамжийг чагталж байсан ч, яг цагаа тулахад яагаад ч юм сэтгэл судлалыг сонгочихсон байсан. Гүн яривал цусаар урсаж байсан гээд (инээв).
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Яг энэ чиглэлийг сонгоход эерэгээсээ илүү сөрөг нөхцөл байдал түлхэц болсон гэж хэлж болно. Хүний эрхийн суурь ойлголтгүй, энэ талаар зорьж сурч байгаагүй атлаа өөрийгөө хүний эрхийн мэдрэмжтэй гэж бодон, дур мэдэн сэтгэл зүйн зөвлөгөө өгч үйлчлүүлэгчдэдээ гэмтэл өгдөг хүмүүсийг хараад эмзэглэх мэдрэмж их төрдөг байсан. Тийм ч учраас одоо “Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр” ТББ-ын хамт олонтойгоо нийлээд залуу сэтгэл судлаачдыг аливаад шинжлэх ухаанч өнцгөөс хандах дадалд хэвшүүлэх, хүний эрхийн ойлголтыг нь нэмэгдүүлэх, судалгааны ур чадварыг нь бататгах чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Одоогоор би маш олон ажил зэрэг хийж байгаа тул нэг л чиглэлийг онцолж хэлэхэд хэцүү. Гэхдээ заавал хэл гэвэл, миний зүгээс сэтгэл судлалыг зөвхөн зөвлөгөөний өрөөнд биш, контент, дизайн, хөтөлбөр, технологитой холбож хүмүүст хүргэхийг хичээдэг. Сошиал медиа дээр бичлэгээр сэтгэл зүйн ойлголтуудыг хүргэх, “Үүр” ТББ-д залуу сэтгэл судлаачдад зориулсан хөтөлбөр боловсруулах, мөн бусдын адил AI ашиглан вэб хийхдээ ч тэр ямар ч насны, ямар ч онцлогтой хүн хэрэглэх тохируулгуудыг нэг бүрчлэн оруулж, UX (хэрэглэгчийн туршлага) талдаа маш их анхаарал тавьдаг. Давуу тал гэвэл би хүссэн зүйлээ хүмүүст хэрэгтэй байдлаар л хийж байгаа маань юм уу даа.
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
Одоогоор хамгийн их цаг зарцуулж байгаа зүйл бол “Үүр” ТББ-ынхаа SEED хөтөлбөр. Энэ жил 40 орчим горилогчоос 15 залуу сэтгэл судлаачийг сонгон шалгаруулж, тэдэнтэй хамт ням гараг бүр уулзаж байна. Эхний модуль маань хүний эрх, дараа нь судалгаа, ёс зүй, судалгааны дизайн, сүүлд нь SEL болон CBCT гэсэн дарааллаар явна. Судалгаанаас өмнө хүний эрхийг заах нь чухал гэж үзсэн учраас хөтөлбөрөө ингэж дараалалд оруулсан. Үүнээс гадна “Ноорог медиа”-д нийгэм, улс төрийн үзэгдлийг сэтгэл зүйн өнцгөөс тайлбарласан контент хийж, Монгол болон Монголтой холбоотой судалгаа хийдэг судлаачдыг урьж судалгаагаа нэг минутад тайлбарладаг “Судалгаа 60 секундэд” цувралыг бэлтгэх ажилдаа орсон. Судалгаа уншдаггүй хүмүүст хэрэгцээтэй мэдээллүүдийг ойртуулах л зорилготой юм.


Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Дизайн. Постер хийх, эсвэл вэбсайт, аппликейшн хэрэглэж байхдаа “Энийг ингэвэл илүү гоё болох юм байна” гэж хүмүүст ээлтэй байх талуудыг нь олж, сайжруулах санаа гаргах надад их таалагддаг. Одоо үүнийгээ ажил болгоод л явж байна, UX/UI гэх үү дээ. Манай мэргэжилтэй нягт холбоотой санагддаг, угаас ч загалмайлсан эцэг гэгддэг Дон Норман нь өөрөө сэтгэл судлалын суурьтай хүн байдаг шүү дээ. Мөн сүүлийн үед дуу авиа, саунд инженерийн чиглэлүүдийг давхар сонирхож эхэлсэн.
Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Нэгд, UX дизайн. 2026 оны 2-р сард “GWG Mongolia”-ийн UX ангид суралцаж, хэрэглэгч ямар нэг бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладгийг сэтгэл зүйн өнцгөөс илүү гүнзгий харж сурсан, өмнө нь ч их сонирхдог байсан.
Хоёрт, боксоор хичээллэж эхэлсэн. Ганц хоёр цохиж сурсан шүү.
Гуравт, ер нь нэг жилдээ шинэчлэгддэг чадвар гэвэл намайг тухгүй болгодог хүмүүсээс холдож, хил хязгаараа тавьж өгч сурах л байдаг даа.
Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
2025 онд бакалаврын нэг ангийн найз болох Л.Зүчитэйгээ хамт “Залуу Сэтгэл Судлаачдын Хөгжлийн Үүр”-ийг үүсгэн байгуулсан үе. Хэдхэн хүний “Залуу сэтгэл судлаачдад ийм орчин хэрэгтэй байна” гэсэн санаа маань бодит байгууллага болж, анхны оролцогчид маань нэг өрөөнд цугларахыг харахад “үүрээ хамтдаа босгож байна” гэдэг зүйл маань үнэхээр бодит болсон юм шиг санагдсан. Бид 2019 оны сүүлээс хойш тасралтгүй “Podlogy podcast”-аараа дамжуулан монгол хэл дээр судалгаа, өгүүлэл тайлбарлаж сайн дураараа явж ирсэн нь ийнхүү өргөжиж байгууллага болсон юм.
Тест оношилгооӨөрийн сэтгэл зүйн байдлаа тестээр үнэлБаталгаажсан асуумжаар бөглөж, үр дүнгээ шууд аваарай.Тест бөглөх →Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Одоо хүртэл юуг зарчим болгох вэ гэдгээ ажигласаар л явна. Гэхдээ “Ухаангүй сайхан сэтгэл тэнэгийн дүү” гэдэг үг сүүлийн үед маш их бодогдож байгаа. Хүнд тусалж л байвал гээд муйхраар зүтгээд байлгүй, “Хамгийн сайн боломжит хувилбар юу байж болох вэ?” гэж толгойгоо ажиллуулж үзэхийг ер нь их хичээж байна.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
Хайртай хүнээ алдсан үедээ яг ижилхэн кейстэй үйлчлүүлэгчтэй таарах мэргэжлийн хувьд их хэцүү сорилт байна лээ. Өөрийгөө зовоож, үйлчлүүлэгчээ хуурахыг хүсээгүй учраас өөр мэргэжилтэн санал болгоод явуулсан. Түүнээс хойш ер нь сэтгэл зүйн зөвлөгөөний карьераа түр хойш тавьсан даа. Нөгөө талаас, хүмүүсийг сэтгэл зүйчээсээ гэмтсэн тухай сонсох маш хэцүү байсан. Хоёрдогч траумаг илаашруулахад хоёр дахин урт хугацаа шаарддаг. Ийм үйл явдал манай улсад багасаасай гэсэндээ зүгээр харамсаж суулгүй байгууллага нээж, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд явж байна. Бага ч болов хувь нэмэр болоосой гэсэндээ.


Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ? /харах өнцөг, бодол, хэв маяг гэх мэт/
Нэгдүгээрт, нэг мэргэжлийн найзуудтай болсон нь амьдралд маань маш их дэм болсон. Бурхан гэж байдаг бол энэ тал дээр намайг ивээсэн байх гэж хааяа боддог шүү. Ижил зүйлийг сонирхож, ижил хэлээр ярьдаг хүмүүс гэдэг өөр түвшний зүйл юм билээ. Ялангуяа бүгд мэргэжилдээ хайртай, түүнийгээ тордож явдаг хүмүүс бол бүр ч илүү.
Хоёрдугаарт, мэргэжил маань намайг өөрийгөө анзаарч сургасан. Өөрийнхөө муу зан авир, буруу үйлдлүүдийг харчхаад түүнээсээ айж, өөрөөсөө нуух биш, хүлээн зөвшөөрч, зориглон өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгосон. Өөрийгөө таних, хүлээн зөвшөөрөх нь заримдаа таагүй ч, өөрчлөгдөх эхний алхам нь л тэр юм.
Гуравдугаарт, нэг үг байнга толгойд яваад байдаг юм. СУИС-ийн драмын ангийн багш оюутнууддаа “Та нар бүгд сайн жүжигчин болж гарах албагүй. Гэхдээ та нар сайн үзэгч байх ёстой” гэсэн гэнэ лээ. Түүний адилаар, сэтгэл судлалаар сурч гарахдаа би сэтгэл судлаачийн замыг сонгохгүй байж болох ч, наанадаж улсдаа “сайн иргэн”, сэтгэл зүйчийн урд “сайн үйлчлүүлэгч” болох сууриа олж авсан гэж боддог юм.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Одоогоор нэгэн зэрэг олон газар ажилтай байгаа учраас амралтын өдрөөр зөвхөн ажлуудаа л хийж байна. Мөн ням гараг бүр залуу сэтгэл судлаачдын хөгжлийг дэмжих “SEED” хөтөлбөр маань явагддаг. Өмнө нь амралтын өдрүүдээр юу хийдэг байсан бэ гэвэл, гэртээ чанга дуу тавьж орилж бүжиглээд, номуудаа гүйцээн уншиж, компьютер ухаж, дуртай кофе цайгаа найруулж ууж л суудаг байсан даа. Одоохондоо өмнөх цаг хугацаанд юу хийдэг байснаа үнэхээр санахгүй л байна.
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
Би ийм асуултад үнэхээр хариулж чаддаггүй юм. Заавал хариул гэвэл, салбар дундын шинжлэх ухаануудын талаарх мэдлэгээ нэмэх юм уу даа. Мөн сэтгэл санааны хувьд тайван байх.
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Манай салбар үзэх ёстой зүйлээ жамаараа үзэж яваа л гэж боддог. Монголд ардчилал гараад 30 гаруй жил л болж байна. Энэ богино хугацаанд сэтгэл судлал маань тогтож, хөлөө олох гээд олон янзаар үзэж, туршиж байгаа. Тэр явцад сайн ч, муу ч зүйлс гарч байна. Мөн энэ дундаас ашиг хүртэх нь хүртэж, хохирох нь хохирч байна. Сэтгэл зүйн тусламжийн хэрэгцээг хүмүүс ойлгож, судалгаа хийх сонирхолтой залуус олон болж байгаа нь сайн тал. Харин ёс зүйн хяналт сул, хүний эрхийн мэдрэмжгүй боловч өөрсдийгөө тэр чиглэлийн мэдрэмжтэй гэж боддог, нотолгоогүй “сэтгэл зүйн зөвлөгөө” олон байгаа нь муу тал. Гэхдээ энэ бүхэн салбар төлөвшихийн тулд заавал туулах үе шат гэж харж байна. Чухал нь алдаанаасаа суралцаж, хамтдаа зөв чиглэлд түлхэх. Гэхдээ системийн өөрчлөлт аврах гэж байгаа бол заримдаа бүгдийг өөрсдөө хийх гэж зүтгэлгүй, зөвхөн сэтгэл судлаачид гэлтгүй салбар бүрээс авах, суралцах зүйлсээ суралцаасай гэж хүсдэг. Жишээ нь: хуульчид, төслийн удирдлагын мэргэжилтнүүд, хүний эрхийн мэргэжилтнүүдээс гэх мэт.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Сэтгэл судлал сурсан л бол “заавал сэтгэл судлаачаар ажиллах ёстой” гэсэн ойлголт. Энэ мэргэжлийг эзэмшинэ гэдэг нь зөвхөн энэ нэртэй ажлын байранд суух гэсэн үг биш, харин хаана ч ажилласан энэ мэдлэгээ ашиглана гэсэн үг шүү дээ. Хүн яагаад ингэж бодож, ингэж шийдвэр гаргадгийг ойлгох чадвар бараг бүх ажилд хэрэгтэй. Жишээ нь, хөтөлбөр зохицуулахад оролцогчдын сэдэл, хэрэгцээг ойлгох нь хөтөлбөрийг амжилттай болгодог. Вэбсайт, аппликейшн хийхэд хэрэглэгч хаана төөрч, юунаас болж орхидгийг сэтгэл зүйн өнцгөөс харж чаддаг. Би өөрөө криминологийн судлаачаар ажиллахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний зан төлөвийг судлахад сэтгэл судлалаа ашиглаж байсан. Хүний нөөц, маркетинг, сэтгүүл зүй, боловсрол, бизнес гээд жагсаавал дуусахгүй. Тиймээс сэтгэл судлал төгсчхөөд өөр салбарт ажиллаж байгаа хүнийг “мэргэжлээрээ ажиллаагүй” гэж харах биш, мэргэжлээ өөр газар ашиглаж байна гэж харах хэрэгтэй. Энэ нь ер нь аль ч салбарын хүмүүст хамаатай л асуудал байх.
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Хааяа оюутнуудад хичээл орохоор “сайн унш” гэж хэлмээр санагдахаас өөр үг орж ирдэггүй юм. Олон зүйл сонирх, яаж мэргэжилтэйгээ холбож болохыг тал талаас нь бүтээлч бас шүүмжлэлт сэтгэлгээгээр бодох гэж хичээх хэрэгтэй. Өөрсдийнхөө бас бусдын төлөө дуугарч сураарай. Зоригтой байгаарай. Та бүхэн ганцаараа биш учраас юунаас ч битгий айж ухарч байгаарай гэж хүсье.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Хүн бүрд сайн тал ч, муу тал ч бий. Бид сайн талаа харуулж, муу талаа нуух гэж их хичээдэг. Гэхдээ муу тал маань ч бас бидний нэг хэсэг. Түүнийгээ харахаас айж, айсандаа нуух хэрэггүй. Өөрийнхөө сайн, муу талыг адилхан хүлээн зөвшөөрч чадвал сайн талаа хадгалж үлдэх, муу талаа өөрчлөх зориг аяндаа гардаг. Өөрчлөгдөх нь нэг өдрийн ажил биш, удаан ч байж болно. Гэхдээ өөрийгөө шударгаар харж, жаахан ч гэсэн урагшилж байгаа бол энэ нь хангалттай. Бусдад хэрхэн энэрэнгүй ханддаг шигээ өөртөө ч бас энэрэнгүй хандаарай.
Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
Хөөрхөн Зүрх ТББ-ын Сэтгэл зүйч Г.Түвшинжаргал эгчийг уримаар байна.
Бидний урилгыг хүлээн авсанд танд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Бусдад хэрхэн энэрэнгүй ханддаг шигээ өөртөө ч бас энэрэнгүй хандаарай.
Хуваалцах: Facebook ·
