Тест оношилгооЦаг захиалах
‹ Ярилцлага

Нүүр › Мэдээллийн сан › Цуврал ярилцлага › Г.Пүрэвсүрэн

Сэтгэл судлаачтай ярилцъя2026.11.02 · 9 мин унших

Сэтгэл судлаач Г.Пүрэвсүрэн

Энэ 7 хоногийн зочноор “Судлаач яст мэлхий” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Гинжболдын Пүрэвсүрэн оролцож байна.

Сэтгэл судлаач Г.Пүрэвсүрэн

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор “Судлаач яст мэлхий” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Гинжболдын Пүрэвсүрэн оролцож байна.

Боловсрол

  • 2011 онд МУИС, сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш
  • 2026 онд МУИС, сэтгэл судлалын магистр
  • 2026 оноос МУИС-д сэтгэл судлалын докторын хөтөлбөрт суралцаж байна

Ажлын туршлага

  • 2012-2017 онд МҮХАҮТ-д хүний нөөцийн мэргэжилтэн
  • 2018-2019 онд “Натурал текстайл групп” ХХК-д хүний нөөцийн менежер
  • 2018 оноос одоог хүртэл “Судлаач яст мэлхий” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач.
Сэтгэл судлаач Г.Пүрэвсүрэн
Сэтгэл судлаач Г.Пүрэвсүрэн

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Хүүхэд байхдаа их өвдөг, байнга л эм тарианы эмчилгээтэй байдаг байлаа. Хүүхдэд ийм хэцүү байдгийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор хүүхдүүдийг удаан зовоохгүй, түргэн эдгээж өгдөг хүүхдийн эмч болохыг мөрөөддөг байсан. Гэвч эмч болохыг маань гэр бүлийнхэн дэмжээгүй. Тэгэхээр би хүүхдэд өөрөөр тусалж болох замыг хайж, сэтгэл судлаач мэргэжлийг сонгосон юм.

Одоо эргээд бодоход тэр сонголт минь тийм ч хол байгаагүй санагддаг. Эмч хүн биеийг нь эмчилдэг бол сэтгэл судлаач хүүхдийн сэтгэл, зан үйл, суралцах чадварт нь тусалдаг.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Хүү маань сургууль орох үед хэт хөдөлгөөнтэй, анхаарлаа зорилго чиглэлтэй төвлөрүүлж чадахгүй байх зүйлс ажиглагдаж эхэлсэн. Ангидаа удаан сууж чадахгүй, даалгавраа дуусгахгүй гэх мэт зүйлс давтагдах тусам уламжлалт боловсролын арга зүй түүнд тохирохгүй байгааг анзаарсан. Эх хүний хувьд санаа зовж, мэргэжилтний хувьд шалтгааныг нь ойлгохыг хүсэж судлаж эхэлсэн юм.

Тэр үед надад хамгийн их нөлөөлсөн санаа бол Америкийн нейро сэтгэл судлаач Рассел Барклийн тайлбар байсан. Тэрээр “Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнт эмгэг (ADHD)-ийг анхаарлын асуудал гэхээс илүү өөрийгөө зохицуулах, гүйцэтгэх чадварын асуудал гэж үздэг. Хүүхэд юу хийх ёстойгоо мэддэг ч, мэдсэн зүйлээ яг хэрэгтэй мөчдөө хийж чаддаггүй”. Баркли таамаглалаар ADHD-тэй хүүхдийн өөрийгөө зохицуулах чадвар өөрийн насандаа 30 орчим хувиар хоцордог. Өөрөөр хэлбэл 10 настай хүүхэд 7 насны хүүхдийн төлөвлөгөө, цагаа хуваарилж байж болно. Энэ нь оюун ухааны асуудал биш. Хүүгээ залхуу эсвэл дуулгаваргүй биш, харин өөр хэмнэлээр хөгжиж байгаа гэдгийг ойлгосноор миний харах өнцөг бүрэн өөрчлөгдсөн.

Яг тэр үед ХБНГУ-д сурч төгсөөд ирсэн найз маань Германд ийм хүүхдүүдтэй ажиллах тусгай хөтөлбөр байдаг талаар хэлсэн. Германд энэ чиглэлээр урт туршлага салбар бий. Тухайлбал Кёльний Их сургуулийн профессор Манфред Дёпфнер болон хамтрагчдын боловсруулсан THOP хөтөлбөр 3-12 насны хүүхдэд зориулагдсан бөгөөд эцэг эхийн сургалт, хүүхэдтэй хийх тоглоомон дасгал, цэцэрлэг, сургуулийн орчинд хийх арга хэмжээг нэгтгэсэн байдаг. Найз маань сурах бичиг олж өгөх, мэргэших сургалт, шалгалтад бэлтгэхэд маань ихээхэн тусалсан. Ингээд би ADHD-тэй хүүхдүүдтэй ажиллах болсон юм.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Би ADHD-тэй болон түүнтэй хавсарсан эмгэгтэй хүүхдүүдтэй ажилладаг. ADHD нь ганцаараа ирэх нь ховор. Америкийн хүүхдийн академийн 2019 оны удирдлагад ADHD-тэй хүүхдийн ихэнх нь өөр нэг зан үйлийн эмгэг хавсардаг гэж заасан байдаг. Тиймээс хүүхэд бүрийн дүр зураг өөр өөр байдаг нь миний ажлын хамгийн гол онцлог.

ADHD өөрөө маш эрч хүчтэй, түргэн хариу үйлдэлтэй. Эдгээр хүүхдүүдэд өөрийн хяналтаа хэрхэн тогтоохыг, өөрийнхөө онцлогийг танин мэдэж гүйцэтгэх чадвартаа дадал үүсгэхэд туслах нь манай ажил. Эрдэмтдийн үзэж байгаагаар анхаарал сарнихын нөгөө тал нь сонирхол, уран сэтгэмж байдаг гэдэг. Би ч дасгал бүрт хүүхдийн сул талаас биш, чадвараас нь эхлэхийг хичээдэг.

Ийм хүүхдүүд цөөн биш. Улаанбаатар хотын 2-5 дугаар ангийн 973 сурагчид хийсэн судалгаагаар эцэг эх, багш хоёрын үнэлгээгээр сурагчдын 5.8 хувьд ADHD илэрсэн. Дэлхийн хэмжээнд хийсэн 2023 оны нэгтгэл судалгаагаар 12-оос доош насны хүүхдийн 7.6 хувь нь ADHD-тэй байна. Өөрөөр хэлбэл, анги бүрт дундажаар нэг хоёр хүүхэд байж болно гэсэн үг.

Ажлын минь давуу тал гэвэл үр дүн нь нүдэнд ил харагддаг. Хүүхдийн зан үйл өөрчлөгдөх, эцэг эхийн тайван хүлээцтэй болж, багш хүүхдийг өөр нүдээр харах эхэлдэг. Энэ бүхэн нь миний ажлын утга учир юм.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Цэцэрлэгийн сэтгэл зүйч нарт зориулсан, 3-5 насны хүүхдийн анхаарлыг хөгжүүлэх ганцаарчилсан болон бүлгийн трейнингийн ном гаргахаар ажиллаж байна. 3-5 нас бол хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн хамгийн чухал үе. Тиймээс номын дасгалуудыг тоглоомын арга зүйд тулгуурлан боловсруулж байгаа. Хүүхэд энэ насандаа хамгийн сайн тоглоомоор дамжуулан суралцдаг.

Номоо бичихдээ олон улсын нотлогдсон туршлагыг суурь болгож байна. Берклигийн Их сургуулийн профессор Стивен Хиншоу ADHD-тэй хүүхдэд эцэг эхийн сургалтаас гадна үе тэнгийн хүүхдүүдийн дунд хийх бүлгийн дасгал тустайг онцлодог. Тэр дасгалд урамшуулал, давтан дасгах, бодит нөхцөлд турших зэрэг аргууд ордог. Би эдгээр зарчмыг монгол цэцэрлэгийн орчин, монгол тоглоомд тохируулахыг хичээж байгаа.

Сэтгэл судлаач Г.Пүрэвсүрэн
Сэтгэл судлаач Г.Пүрэвсүрэн

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Би усанд сэлэх маш дуртай. Эрүүл мэнд талаасаа ч өөрт их тохирч байгаа спорт, хобби юм. Сүүлийн жилд пянз их сонирхох болсон. Ажлын дараа намуухан хөгжим сонсоод суух амралт болдог гэдгийг ихээр анзаарч байна.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Хиймэл оюун ухааныг ашиглах чадварт суралцаж байна. Судалгаа шинжилгээний ажлаа илүү сайжруулах зорилгоор судалгааны программыг шинээр сурч байгаа.

Тест оношилгооӨөрийн сэтгэл зүйн байдлаа тестээр үнэлБаталгаажсан асуумжаар бөглөж, үр дүнгээ шууд аваарай.Тест бөглөх →

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Ганцаарчилсан болон бүлгийн заслын дунд үеэс, ойролцоогоор 4-6 дахь уулзалтын дараа хүүхдийн бэрхшээл багасаад ирдэг. Гэр бүл, сургуулийн орчинд гаргаж байсан зан үйл нь өөрчлөгдөөд ирэхийг харахад сэтгэл судлалын шинжлэх ухаан ямар гайхалтайг дахин дахин мэдэрдэг. Энэ арга зүйг үндэслэж, хөгжүүлсэн эрдэмтдийг ч биширдэг.

Энэ арга зүйг суралцаад олон айлд тусалж байгаадаа маш их баярладаг. Хүүхдийн өөрчлөлт бол зөвхөн миний биш, хамтарч ажилласан эцэг эх, багш нарын хамтын амжилт байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Мэргэжлийн ёс зүйгээ баримтлах. Хүүхэд болон гэр бүлийн итгэл, нууцыг хамгаалах, өөрийнхөө чадахгүй зүйлийг амлахгүй байх нь энэ ажлын үндэс гэж боддог.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Туршлага дутах үе цөөнгүй гардаг. Хүүхэд бүр өөрийн онцлогтой, гэр бүлийн соёл нь өөр, сургуулийн орчин, багшийн арга зүй нь ондоо байдаг. Тэр үед ментортой байх, арга зүйн тусламж, дэмжлэг авдаг төвтэй байх нь маш их давуу тал болдог.

Манай нийгэмд ADHD-тэй хүүхдийг хүлээн зөвшөөрч, онцлогийг нь ойлгох ойлголт төдийлөн сайн болоогүй л байна. Хувийн сургуулиуд ийм сурагчдын гэрээг сунгахгүй, цуцлах тохиолдол цөөнгүй. Ийм нөхцөл байдалд орсон нэгэн хүү, түүний гэр бүлтэй ажиллаж байсан. Эцэг эхийн идэвхтэй оролцоо л тэр үед хамгийн чухал байсан. Хүүгийн давуу тал дээр нь ажиллаж, түүний урам зориг, чадна гэдэг итгэл дээр нь тулгуурлаж ажилласан. Гэр бүл, багш нь ч сөрөг буруу юм хийсэн бүрд зэмлэхгүй, буруу үйлдэл гарсан бол түүнийг хүлээцтэй хандаж ярилцаж тайлбарлаж гол нь эцэг эхчүүд хүүхдээс зөв асуултыг асууж сурсан юм. Ангийн багштай 7 хоног бүр ярилцаж арга зүйн дэмжлэг өгч байсан нь нөлөөлсөн болов уу. Би ч бас асуудлын шийдэл хүүхдийг сургуулиас нь хасахад биш, багш, эцэг эх, сэтгэл судлаач гурвуулаа нэг баг болж ажиллахад байдаг гэдэгт итгэдэг.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ? /харах өнцөг, бодол, хэв маяг гэх мэт/

Хүний зан үйл, бодол, мэдрэмжийн цаана нь шалтгаан байдаг гэдгийг илүү тодорхой ойлгодог болсон. Анхааралгүй, дуулгаваргүй харагдаж байгаа хүүхэд цаанаасаа тусламж хүсэж байдаг. Иймээс би илүү тэвчээртэй, буруутгахаасаа илүү ойлгохыг хичээдэг болсон. Түүнчлэн онцгой хүүхдүүд гайхамшигтайг мэдэрсэн. Тэд зүгээр нэг амьдрахаас илүү бусдаар хүрээлүүлж, биднийг амьд бусдыг илүү хайрлах, сонсох, ойлгох ёстойг мэдрүүлэхийн төлөө байдаг гэдэгт итгэх болсон.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Миний амралтын өдрүүд ажлын өдөрт таардаг. Даваа, Мягмар гаригт. Энэ өдрүүддээ аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Долоо хоногийн хүнсийг нь бэлтгэх, гэр орноо цэвэрлэх гээд яг л эзэгтэйн ажлуудаа хийдэг дээ. Цаг гарч амжвал агаарт гарах дуртай.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Юуны түрүүнд докторын зэргээ амжилттай хамгаалах. Дараа нь бүлгийн сэтгэл заслын аргачлалуудыг сэтгэл зүйч нартайгаа хамт хөгжүүлж, нийгмийн сэтгэл зүйн байдалд бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготой. Гадаадын арга зүйг шууд хуулах биш, монгол хүүхдийн онцлог, монгол гэр бүлийн соёлд тохирсон хувилбарыг судалгааны үндсэн дээр боловсруулахыг хүсч байна.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Гэгээлэг, өнгөтэй байгаа. Аливаа зүйл бүрд өөрийн гэсэн хөгжлийн явц, туулах ёстой шалгуур байдаг шүү дээ. Манай салбар ч яг тэр процессын дагуу хөгжиж байна. Хэдэн жилийн өмнө ADHD гэдэг үгийг сонсож байсан эцэг эх цөөн байсан бол одоо өөрсдөө судлаад ирдэг болсон. Монгол хүүхдийн дунд ADHD-ийн тархалтыг судалсан ажлууд ч гарч эхэлсэн. Цаашдаа цэцэрлэг, сургууль бүр сэтгэл зүйчтэй болж, багш нар ийм хүүхдийг таньж, дэмжих арга зүйд сургагдах цаг ирнэ гэж итгэдэг.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Үйлчлүүлэгчдэд байдаг миний ажигласан түгээмэл ойлголт бол зөвлөгөө, заслын үйл явцад маш түргэн хугацааны хүлээлт тавих. Заримдаа сэтгэл судлаач хүнийг “шидтэн” гэж хараад байна уу гэж мэдэрдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ид шид биш, нотлогдсон арга зүй, тогтмол дасгал, цаг хугацаанд тулгуурладаг. Хүүхдийн зан үйл нэг уулзалтаар биш, долоо хоног, сарын турш алхам алхмаар өөрчлөгддөг.

ADHD-тэй холбоотой хоёр хэвшмэл ойлголтыг ч засмаар байна. Нэгдүгээрт, “хүүхэд нь залхуу, хүсвэл чадна” гэсэн бодол. Йейлийн Их сургуулийн эрдэмтэн Томас Браун ADHD нь хүсэл зоригийн дутагдал биш, тархины удирдах чадварын хөгжлийн онцлог гэж тайлбарладаг. Ийм хүүхэд дуртай зүйлдээ удаан төвлөрч чаддаг ч, чухал боловч сонирхолгүй ажилд төвлөрөхөд хэцүү байдаг. Хоёрдугаарт, “эцэг эх нь буруу хүмүүжүүлсэн” гэсэн буруутгал. Америкийн нейро сэтгэл судлаач Рассел Баркли ADHD-ийг зурагт хараах, муу хүмүүжлийн аргаар тайлбарлах нь буруу гэдэг. Бас хуурамч аргад итгэж цагаа алдахгүйг анхааруулдаг. Эцэг эхийг буруутгах биш, тэднийг чадавхижуулах нь хүүхдэд хамгийн сайн тусламж юм.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Мэргэжлийн ангийн оюутан залуусдаа бие хүний онолын мэдлэгээ нэмэгдүүлээрэй гэж хэлмээр байна. Монгол хэл дээр орчуулгын болон манай эрдэмтэд судлаачдын бүтээл ихээр гарч байгаа. Тэдгээртэй танилцаж шимтээрэй. Сайн, муу гэж дүгнэхээс илүү тухайн зохиогчийн өнцгийг ойлгож, харьцуулан дүгнэж, өөрийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Ойлгохгүй, ойлгомжгүй зүйл байвал дараа гэлтгүй багш нараасаа шууд асууж байгаарай. Асуулт бол хөгжлийн үндэс юм. Аль болох мэргэжлээрээ ажиллахыг хичээгээрэй. Ажилд орсны дараа ч ментортой байх, мэргэжил нэгт нараасаа туршлага солилцохыг бүү мартаарай.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Хүний сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд бүхнээс түрүүнд юм. Хүүхдийнхээ зан аашинд санаа зовж байгаа бол удаан хүлээлгүй мэргэжилтэнд хандаарай. Эрт авсан тусламж хүүхдийн ирээдүйд том өөрчлөлт авчирдаг.

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

“Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв”-ийг үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Д.Цогзолмаа багшийгаа урья.

Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ид шид биш, нотлогдсон арга зүй, тогтмол дасгал, цаг хугацаанд тулгуурладаг.
ADHDХүүхдийн хөгжилЭцэг эхийн дэмжлэгБүлгийн сэтгэл засал

Хуваалцах: Facebook ·

Ярилцлага таалагдсан уу? Өөрийн яриагаа эхлүүлээрэй

6 сэтгэл судлаач · онлайн, танхим · 3 алхамд цаг захиална.

Зөвлөгөөний цаг захиалах