Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор сэтгэл судлаач, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгэл судлалын багш Баянмөнхийн Биндэръяа оролцож байна.
Боловсрол
- 2010-2014: Сэтгэл судлаач, Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- 2015-2017: Korean Language Institute, Ajou University
- 2017-2020: Master of Arts in counseling Psychology, Yemyung Graduate University
- 2026: Сэтгэл судлалын докторын хөтөлбөрт суралцаж эхэлж байна
Ажлын туршлага
- 2018-2019: Сургуулийн төслийн сэтгэл судлаач- Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ
- 2020-2021: Сургуулийн сэтгэл судлаач- Америк Монголын хамтарсан сургууль
- 2022-2025: Сэтгэл судлалын салбарын эрхлэгч- Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА
- 2021-2022 болон 2024-2025: Их дээд сургуульд сэтгэл судлалын цагийн багш
- 2025-2026: Сургалтын мэргэжилтэн-ХХАБГ-“Монголын Алт” (МАК) ХХК
- 2026.09 сараас Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Сэтгэл судлалын тэнхимд Сэтгэл судлалын багшаар ажиллаж байна
- Эрдэм шинжилгээний ажлын туршлага: ORCID 0000-0003-1591-9610 (orcid.org/0000-0003-1591-9610)


Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
Би багаасаа бусадтай ярилцах дуртай, хүний яриаг ч анхааралтай сонсдог хүүхэд байсан. Тиймээс хүнтэй ярилцаж, түүнийг ойлгож, тусалж болох мэргэжил гэж төсөөлөөд сэтгэл судлалыг сонгосон. Тэр үед мэргэжлийн талаарх мэдээлэл өнөөгийнх шиг хүртээмжтэй байгаагүй. Үнэнийг хэлэхэд “Хүнтэй сайхан ярилцдаг, ойлгодог, нууцыг нь хадгалж чаддаг гоё эгч болно доо” гэсэн хүүхэд насны төсөөлөлтэйгөөр сонгож байжээ. Харин суралцаж эхлээд тэр энгийн төсөөллийн цаана ямар өргөн шинжлэх ухаан, их хариуцлага байдгийг таньж мэдсэн.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Мэргэжлийнхээ бодит дүр зургийг оюутан байхдаа олж харж эхэлсэн. Тухайн үед сэтгэл зүйн төвүүд цөөн байсан болохоор мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүстэй уулзах боломж бүр надад үнэ цэнтэй санагддаг байлаа. Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Үүрцайх, Б.Ууганцэцэг нар тухайн үед манай сургуульд ирж яриа хийхэд үнэхээр биширч байснаа санадаг. Дараа нь тус төвийн дэргэд Ц.Дэлгэрмэнд, И.Тогтуун гээд залуу сэтгэл зүйчдийн удирддаг “Сэтгэл судлаач оюутнуудын клуб”-д өөр өөр сургуулийн оюутнууд цуглардаг байсан. Би тэр үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хичээдэг, мөн “Монгол-Өрх” сэтгэл зүйн төвийн төсөлд сайн дурын оюутан ажиллуулж байхад ажиллаж байсан. Эдгээр туршлага, практикт ажиллаж буй мэргэжилтнүүдээсээ сэтгэл судлаач хүн ямар байдаг тухай анхны төсөөллөө авсан.
Харин их сургуулийн багш болно гэдэг тухайн үед надад холын, сүрдмээр мөрөөдөл санагддаг байлаа. Бидэнд хичээл зааж байсан багш нар маань гадаадад суралцсан, салбартаа олон жил ажилласан, мэдлэг туршлагатай профессорууд байсан. Тэд сэтгэл судлаач, их сургуулийн багшийн тухай миний төсөөллийг их өндөрт тавьсан. Одоо өөрөө багшилж байгаа ч багш нар шигээ сайн багш болохын тулд сурах зүйл их байна даа л гэж боддог.
Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Их сургуулийн багшийн ажлын нэг онцлог нь өөрөө тасралтгүй суралцах шаардлагатайд байдаг. Мэргэжлийн мэдлэгээ гүнзгийрүүлж, шинэ судалгаа, арга зүйтэй танилцахын зэрэгцээ академик ёс зүйг өөрийн ажилдаа үлгэрлэх хэрэгтэй болдог. Оюутнуудад хичээлийн агуулгыг ойлгуулахын зэрэгцээ их сургуульд суралцахын утга учир, их сургуулийн соёлыг мэдрүүлэхийг хичээдэг. Асуулт тавих, эх сурвалжаа нягтлах, аливаа асуудлыг уялдаа холбоотой харах, өөрийн байр суурийг үндэслэлтэй илэрхийлэх, харилцааны чадварууд, моралын ойлголтууд гэх зэрэг бие хүний ур чадварыг чухалчилдаг. Эдгээр нь цаашид мэргэжлээрээ ажиллахад төдийгүй амьдралын олон нөхцөлд хэрэг болох чадварууд.
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
Орчин цагт шинжлэх ухааны хөгжил бие даасан дан ганцаар биш бусад шинжлэх ухаантай холбоотойгоор хөгжих хандлага их болсон. Сүүлийн жилүүдэд манай судалгааны баг Японы эрдэмтэд судлаачидтай хамтран ажиллаж байгаа. Одоогоор Японы эрдэмтэд болон СЭМҮТ-ийн эмч, судлаачидтай хамтран эмчилгээний иогийн (yoga therapy) аргыг сэтгэл зүйн тусламж, эмчилгээний хөтөлбөрт ашиглах боломжийг судалж байна.
Тухайлбал, архинд донтох эмгэгтэй хүмүүсийн амьдралын чанар, сэтгэл зүйн үзүүлэлтэд гарч буй өөрчлөлтийг судалсан ажлынхаа үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлүүлэхэд анхаарч байгаа. Энэ ажлын хүрээнд олон улсын туршлагаас суралцахын зэрэгцээ Монголд хийсэн туршилт судалгааны ажлаа олон улсад хоёр ч удаагийн конгресст танилцуулаад байна. Цаашид энэ хамтын ажиллагааг хөгжүүлж, Монголд хэрэгжүүлэх боломжтой, үр нөлөөг нь үнэлсэн хөтөлбөр бий болгоход хувь нэмэр оруулахыг хүсдэг.


Таны хобби, сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Өөрийгөө сайхнаар мэдэрч, эрч хүч авдаг зүйлс хийх дуртай. Сүүлийн жилүүдэд бүжиг болон идэвхтэй хөдөлгөөний төрлүүдэд илүү сонирхолтой болж байгаа. Гоё спортын хувцас, хэрэглэл нь хүртэл тухайн спортыг сонирхох нэг шалтгаан болчихдог шүү газрын теннис, гольф гэх мэт хэхэ.
Мөн кино үзэх дуртай. Сонирхол татсан дүрүүдийн зан чанар, харилцаа, сонголтыг эргэцүүлж, задлан бичих нь надад их сонирхолтой санагддаг.
Хамгийн сүүлд сурсан гурван чадвар юу вэ?
Машинаа ухрааж зогсоолд байрлуулж сурсан. Хоол хийхдээ ч гайгүй сайжирч байгаа, бас цахим болон танхимын хичээлийг хослуулан бэлтгэж сургалтын орчныг бүрдүүлэхэд суралцаж байгаа. Жаахан жаахан ахиц гаргаж байна. Энгийн сонсогдож болох ч өдөр тутмын амьдралдаа өөртөө арай илүү итгэлтэй, бие даасан байхад тусалж байгаа чадварууд юм.
Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан багагүй хугацаанд хамгийн сайхан санагддаг мөч нь зөвлөгөө дууссаны дараа үйлчлүүлэгчийнхээ амьдралд гарсан бодит өөрчлөлтийг харах, өөрөөс нь сонсох байдаг. Хүн өөрийнхөө төлөө алхам хийж, өмнө нь хэцүү санагдаж байсан зүйлээ өөрөөр даван туулж байгааг сонсоход ажлынхаа утга учрыг их мэдэрдэг. Тэр өөрчлөлтийн гол эзэн нь үйлчлүүлэгч өөрөө. Харин би тэр замынх нь тодорхой хэсэгт хамт байж, дэмжлэг үзүүлж чадсандаа баярладаг.
Тест оношилгооӨөрийн сэтгэл зүйн байдлаа тестээр үнэлБаталгаажсан асуумжаар бөглөж, үр дүнгээ шууд аваарай.Тест бөглөх →Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Аав, ээж хоёр маань багаас минь худлаа хүн байхгүй байхыг захидаг байсан. Тэр хүмүүжил миний амьдралдаа баримтлахыг хичээдэг гол зарчим болсон. Хэцүү нөхцөлд ч өөртөө болон бусдад үнэн байгаагаараа байхыг эрхэмлэдэг. Үргэлж төгс баримталж чадсан гэж хэлэхгүй. Гэхдээ эргэлзсэн, алдаа гаргасан үедээ ч эргээд түшиж, өөрийгөө чиглүүлдэг зарчим маань энэ. Жишээ нь ямар нэг зүйлийг чадахгүй, мэдэхгүй гэвэл тэрийгээ зүгээр л хэлчихдэг.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдсон бэрхшээл, түүнийг даван туулсан туршлагаасаа хуваалцаач.
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд анх ажиллаж эхлэхдээ судалгааны туршлага багатай атлаа өндөр хариуцлагатай ажил хийх боломж олдож тэр нэр хүндтэй ажлыг хийсэн. Судалгааны төсөл хэрхэн хэрэгждэг, ажлыг нь яаж төлөвлөж, зохион байгуулдаг гээд шинээр сурах зүйл маш их байсан. Мэдэхгүй, чадахгүй зүйлтэйгээ нүүр тулахад шантармаар үе ч цөөнгүй тохиолдсон. Тэр үед надад итгэл хүлээлгэж, суралцах боломж олгосон тухайн үеийн удирдлага, хамт олондоо их талархдаг. Ялангуяа Л.Баттүвшин багшийнхаа итгэл, дэмжлэгийг онцолж хэлмээр байна. Энэ туршлагаас харахад хүн бүхнийг мэддэг, бэлэн болсон хойноо л хариуцлага хүлээдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Өөрөө хичээж, асууж суралцахын зэрэгцээ бусдын итгэл, дэмжлэгийг авч чадвал эхэндээ дийлшгүй мэт санагдсан ажлын ард гарч болдог юм билээ.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?
Өөрийгөө маш сайн ойлгодог болсон. Бас гэр бүл ойр дотныхондоо сэтгэл зүйн боловсролыг зохистой хэмжээнд хэлж ярьж эерэг нөлөөллийг үзүүлсэн байх гэж боддог. Бас хүнийг сонсох, ялгаатай байр суурийг ойлгох, мэргэжлийн хил хязгаар болон ёс зүйгээ баримтлахын үнэ цэнийг ажлын явцад улам их мэдэрсэн. Эдгээрийг нэг удаа сураад дуусчихдаггүй, өдөр бүрийн харилцаа, шийдвэрээрээ хөгжүүлсээр явдаг гэж боддог.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Долоо хоногийн таван өдөр ярьж, уншиж, сууж бичдэг болохоор амралтын өдрүүдэд өөр хэмнэлээр байх дуртай. Эхлээд гэрээ нэг сайн цэвэрлэж, цэцгүүдээ усална. Гэр орон эмх цэгцтэй болоход өөрөө ч тайвширдаг. Дараа нь орчноо солиод, нам гүм газрын тухтай буланд сууж, цай эсвэл кофе уунгаа хүмүүс, орчныг ажиглах дуртай. Тэгээд дуртай киногоо үзэж, ганцаараа тайван цаг өнгөрүүлэх нь надад сайхан амралт болдог.
Ойрын таван жилийн зорилго юу вэ?
Саяхан докторын хөтөлбөрт суралцахаар бүртгүүлсэн. Тэгэхээр ойрын таван жилийн гол зорилго маань докторын судалгааны ажлаа тууштай хийх болж байна. Энэ хугацаанд судлаачийн хувьд арга зүйгээ улам сайжруулж, сонирхож буй асуудлаа илүү гүнзгий судлахыг хүсэж байгаа. Суралцсан зүйлээ багшлах ажилтайгаа холбож, оюутнуудтайгаа хуваалцаж явах нь бас миний зорилгын нэг хэсэг.
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Монголд сэтгэл судлал өнөөгийн түвшинд хүрэхэд олон үеийн багш, судлаач, практикт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хөдөлмөр шингэсэн. Өнөөдөр бидний ажиллаж, суралцаж байгаа боломжуудын цаана тэр хүмүүсийн хичээл зүтгэл бий гэж боддог.
Цаашид салбар маань илүү их шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд түшиглэж, олон улсын мэргэжлийн хамтын ажиллагаатайгаа зэрэгцэн хөгжөөсэй гэж хүсдэг. Үүний зэрэгцээ Монголынхоо хэл, соёл, амьдралын нөхцөлд нийцсэн мэдлэг, арга зүйг хөгжүүлэх нь чухал. Энэ чиглэлд ахиц гаргах боломж бидэнд их байгаа гэж хардаг.
Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Сэтгэл судлаачид хандаж, зөвлөгөө авах эсвэл үнэлгээ хийлгэхээсээ ичих, болгоомжлох хандлага өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Сэтгэл зүйн тусламж авах нь хүний сул доройг илэрхийлэхгүй. Харин өөрийн байдалд анхаарч, хэрэгтэй дэмжлэгээ авч буй үйлдэл юм.
Биеийн эрүүл мэнддээ анхаардаг шиг сэтгэл зүйн эрүүл мэнддээ ч анхаарах хэрэгтэй. Заавал бүх зүйл хүндэрсэн хойно хандах албагүй. Өөрийгөө илүү ойлгох, тулгарсан асуудлаа эрт анзаарах, даван туулах арга барилаа хөгжүүлэхийн тулд ч мэргэжлийн тусламж авч болно.
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Багш нартайгаа өдөр бүр ойр байж, асууж, ярилцаж, туршлагаас нь суралцах боломжоо сайн ашиглаарай гэж хэлмээр байна. Их сургуульд суралцах хугацаа бол өөрийн сонирхол, чадвар, цаашдын боломжоо нээх үнэ цэнтэй үе. Хичээлээ үзэхийн зэрэгцээ их сургуулийн соёлоос суралцаарай. Эх сурвалжтай ажиллах, асуулт тавих, бусдын санааг хүндэтгэх, өөрийн ажлын хариуцлагыг хүлээх зэрэг дадал мэргэжлийн хүн болж төлөвших суурь болдог. Төгсөөд л мэргэжилтэн болно гэж хүлээхээс илүү өнөөдрийн суралцах хандлага, жижиг дадлуудаараа өөрийгөө бэлтгэж яваарай.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Нийгмийн хөгжлийн төвд хүн, хүний амьдралын чанар байх ёстой гэж боддог. Харин тэр нийгмийн өдөр тутмын уур амьсгалыг бид хоорондынхоо харилцаагаар бий болгодог.
Тиймээс өөрийн тайван байдал, сэтгэл зүйн хэрэгцээндээ анхаарахын зэрэгцээ бусдад бага ч гэсэн хүндэтгэл, халамжтай хандаж байгаарай гэж хэлмээр байна. Нэг хүнийг анхааралтай сонсох, яарч дүгнэхгүй байх, хэрэгтэй үед нь дэмжих зэрэг энгийн үйлдэл бидний бодсоноос ч илүү нөлөөтэй байж болно. Өдөр бүр өөдрөг байх албагүй. Харин хэцүү өдөр ч өөртөө болон бусдад арай зөөлөн хандахыг хичээж болно.
“Сэтгэл судлаачтай ярилцъя” ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
Хүүхэд хамгааллын салбарт бараг сүүлийн 10 жил тууштай ажиллаж буй “Ид шидийн орон”-ы сэтгэл судлаач Б.Аззаяаг уримаар байна. Хүүхдүүдтэй ажилласан туршлага, энэ ажлаас олж харсан зүйлс болон мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрхэн мэдэрдэг тухай нь сонсвол сонирхолтой, өгөөжтэй ярилцлага болно гэж бодож байна.
Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Өдөр бүр өөдрөг байх албагүй. Харин хэцүү өдөр ч өөртөө болон бусдад арай зөөлөн хандахыг хичээж болно.
Хуваалцах: Facebook ·
