Тест оношилгооЦаг захиалах
‹ Ярилцлага

Нүүр › Мэдээллийн сан › Цуврал ярилцлага › Б.Амар-Эрдэнэ

Сэтгэл судлаачтай ярилцъя2026.11.11 · 5 мин унших

Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ

Энэ 7 хоногийн зочноор сэтгэл судлаач Батболдын Амар-Эрдэнэ оролцож байна.

Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор сэтгэл судлаач Батболдын Амар-Эрдэнэ оролцож байна.

Боловсрол

  • Нийгмийн Сэтгэл Судлалын Дээд Сургуулийг Сэтгэл судлалын бакалавр
  • Солонгосын Chungbuk National University-д Бизнесийн удирдлагын магистр (MBA) суралцаж төгссөн.

Ажлын туршлага

  • Карьер хөгжлийн төвд Карьерын зөвлөх
  • Улаанбаатар-Эрдэм Их Сургуульд Сэтгэл судлалын багш
  • United Management Consulting-д Менежер
Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ
Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Би багадаа их нээлттэй мөрөөдөмтгий, олон зүйлийг мөрөөддөг хүүхэд байсан. Нэгдүгээр ангидаа арван жилийн хувийн хэрэгтээ “Багш маань ямар хүн болох вэ?” гэж асуухад нь “Амьтан судлаач” гэж хариулж байсан бол хоёрдугаар ангидаа “Дэлхийгээр аялагч хүн”, гуравдугаар ангидаа “Зохиолч” гэж бичиж байснаа хожим олж уншиж байсан юм. Үүнээс харахад би багаасаа л ямар нэг байдлаар судлаач болох сонирхолтой байжээ гэж боддог. Ахлах ангидаа ороод сэтгэл судлаач болохоор эрс шийдсэн дээ.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээрээ мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Одоо ажиллаж байгаа чиглэлээ сонгоход Солонгос улсад суралцаж байсан туршлага их нөлөөлсөн. Арван жилээ дөнгөж төгсөөд ирсэн хүүхдүүд, их сургуулиа төгсөөд төгсөгчид янз бүрийн л хүмүүстэй хамт байна. Найзууд болоод суралцаад явна. Зарим нь яг хүсэл мөрөөдлөө олсон зорилготой байхад, харин зарим нь зүгээр л гадаадад байхын тулд байгаа хүмүүс ч байна. Ер нь яг юу хүсэж байгаагаа өөрийгөө таниагүй яваа залуус цөөнгүй анзаарагдсан нь энэ чиглэлээр гүнзгийрэн ажиллах сэдлийг өгсөн.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Миний ажил маш сонирхолтой бөгөөд олон талт үйл ажиллагааг хамардаг. Хувь хүн болон байгууллагын хөгжил менежмент, манлайллын сургалт хөгжүүлэлт, олон улсад нэр хүндтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна шинжлэх ухаанаар баталгаажсан олон улсын тест оношилгоогоор дамжуулан хүний авьяас ур чадварыг нээж илрүүлэх чиглэлээр түлхүү ажилладаг.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн талаар ярьж өгөөрэй?

Яг одоо төвлөрөн хийж байгаа гол төсөл бол “TALENT HUB” юм. Энэ нь Монгол хүний авьяасыг илрүүлж, хөгжүүлж, тохирох ажилд нь зөв байршуулах замаар байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ үеийн платформ ажил юм. Өөрөөр хэлбэл, дан ганц ажил горилогчдын товч тодорхойлолт буюу CV биш олон улсад баталгаажсан сэтгэл зүйн тестээр тэдний авьяас ур чадварыг нарийвчлан тодорхойлж, байгууллагад бодитоор нийцэх ажилтныг сонгоход цогц дэмжлэг үзүүлдэг нэгдсэн экосистем юм.

Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ
Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Миний хобби сонирхол сүүлийн жилүүдэд ер нь өөрчлөгдөөгүй уран зохиолын ном, яруу найраг унших, сайн кино үзэх дуртай.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Хиймэл оюун ухаантай ажиллах, танилцуулга вэб хийх зэрэг ур чадварт суралцаж байна.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Зөвлөгөө, сургалтын дараа үйлчлүүлэгчдийн нүднээс гэрэл асаж, баярлалаа гэсэн талархлын үгийг сонсох тэр мөч хамгийн сайхан санагддаг.

Тест оношилгооӨөрийн сэтгэл зүйн байдлаа тестээр үнэлБаталгаажсан асуумжаар бөглөж, үр дүнгээ шууд аваарай.Тест бөглөх →

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Хичээл зүтгэл. Юу ч байсан чин сэтгэлээсээ шаргуу, үнэнчээр хичээвэл болохгүй юм байхгүй л гэж боддог. Бас “Чадахгүй юмаа амлахгүй байх” зарчмыг баримталдаг.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаарай.

Хүн тасралтгүй үргэлж суралцаж байх л хэрэгтэй. Сургуулиа төгссөний дараа сэтгэл зүйч болоод зөвлөгөө өгөх гэж байсан жаахан дутуу дулимаг үе маань байна даа.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу бэ? /харах өнцөг, бодол, хэв маяг гэх мэт/

Өөрийгөө илүү гүн гүнзгий ойлгох, бусдыг шүүхгүйгээр шүүмжлэлгүй хүлээн авч ойлгох, мөн амьдралын аливаа зүйлээс сайн сайхан, эерэг талуудыг олж харах чадвар маань илүү хөгжсөн гэж боддог.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Амралтын өдрүүдээр аль болох гэр бүл, хайртай хүмүүстэйгээ чанартай цагийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэл зүйн хувьд эрч хүчээ нөхөхийг хичээдэг.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Одоо хэрэгжүүлж буй төслүүдээ амжилттай нутагшуулж биелүүлэхээс гадна гэр бүл, хувийн амьдралдаа анхаарч, сайн ээж болох байна даа.

Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ
Сэтгэл судлаач Б.Амар-Эрдэнэ

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх төвүүд болон сэтгэл зүйн боловсрол олгох контентууд маш их нэмэгдэж байна. Олон нийт ч сэтгэл зүйч мэргэжлийн ач холбогдлыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг болжээ. Мөн сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь ном, сурах бичиг, эх зохиолууд Монгол хэл дээр олноор орчуулагдан унших боломжтой болж байгаад баяртай байдаг. Иймээс салбарынхаа хөгжлийг үргэлж гэрэлтэй, эерэг ирээдүйтэйгээр хардаг даа.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Сэтгэл судлаач дээр очихыг хүнд хэцүү, тусгай асуудалтай үед л ханддаг зүйл гэж харахаас илүүтэй, яг л шүдний эмчид урьдчилан сэргийлэх үзлэгт очдог шиг амьдралынхаа энгийн нэг хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч буй энгийн бөгөөд зөв алхам гэж ойлгодог болоосой гэж хүсдэг.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Сэтгэл судлаач байна гэдэг нь ердөө л хүнтэй ярилцаж, зөвлөгөө өгөх төдий зүйл биш юм. Академик онолуудаас гадна тархи, мэдрэлийн тогтолцооны биологийн шинж чанар, логик сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх ур чадварууд маш чухал байдаг. Тиймээс өөрийгөө тал бүрээс нь хөгжүүлж, шинжлэх ухаанч суурийг бэхжүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Эерэг сэтгэл зүйг бусадтайгаа үргэлж хуваалцаж байгаарай. Талархах, уучлах, хайрлан энэрэх зэрэг нь бидний чанартай харилцаа, ажил хөдөлмөрийн бүтээмж, амьдралын сэтгэл ханамж болон тархины эрүүл үйл ажиллагаанд шууд эерэгээр нөлөөлдөг юм шүү.

Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл судлалын багш, Ч.Сувд-Эрдэнэ сэтгэл судлаачийг урьж байна.

Бидний урилгыг хүлээн авсан танд талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Эерэг сэтгэл зүйг бусадтайгаа үргэлж хуваалцаж байгаарай.
Карьерын зөвлөгөөTALENT HUBТест оношилгооБайгууллагын хөгжил

Хуваалцах: Facebook ·

Ярилцлага таалагдсан уу? Өөрийн яриагаа эхлүүлээрэй

6 сэтгэл судлаач · онлайн, танхим · 3 алхамд цаг захиална.

Зөвлөгөөний цаг захиалах