Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Ганболдын Баярмаа оролцож байна.
Боловсрол
- Сэтгэл судлаач /МА/
Ажлын туршлага
- 2004 онд МУБИС-ыг сэтгэл судлаач мэргэжлээр төгсөөд ЕБС-д дотуур байрны багш, нийгмийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн
- 2012 он “British School of Ulaanbaatar”-сурагчдын хангамжийн ажилтан
- 2015 он “Good Neighbors Mongolia”ОУБ-д судлаач, хүүхдийн эрхийн сургагч багш
- 2017 он “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-д сэтгэл судлаач
- 2019 он “Аминхүүхэд” ТББ-д сэтгэл судлаач
- 2021 он “Мета сэтгэл судлалын хүрээлэн” ТББ үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
- 2023 он “Бүтээлч тархи” сэтгэл судлалын хүрээлэн ТББ -үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал
- 2026 онд Сэтгэл судлалын шинжлэх ухааны холбоог үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.
Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
1990-ээд оны нийгэм солигдох үеийн (траншейны нүхэнд) амьдарч байгаа хүүхдүүдэд томчууд яагаад туслахгүй байгааг хараад гайхаж бас өрөвдөж хүүхдийн амьдралд гэрэл гэгээ, итгэл найдвар, аюулгүй байдалд туслах хүсэл мөрөөдөл сэдэл төрсөн. Анх багш болох хүслээр МУБИС-д элсэн ороод сэтгэл судлалын ангийн талаар анх удаа сонсож энэ мэргэжлээ сонгосон.
Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Боловсрол, хүүхэд хамгааллын салбарын ажлын туршлагаар хүүхдэд зөвхөн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх нь хангалтгүй гэдгийг олон судалгаа, кейстэй ажиллахдаа ойлгож байлаа. “Эцэг эхчүүдэд сэтгэл зүйн боловсрол”- олгоход миний оролцоо юу байж болох вэ? гэж эрэл хайгуул хийж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж мөн өөрийн туршлагаас залуу мэргэжилтнийг чадавхжуулах сургалт тогтмол хийж байна. 2017 оноос сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээний төслөөр хотын захын сургуульд сэтгэл зүйчээр ажиллаж 2021 онд монголд анхны “Боловсролын сэтгэл зүйч”-мэргэшүүлэх хөтөлбөрийн ментороор оролцож одоог хүртэл сургуулийн сэтгэл зүйчидтэй хамтран ажиллаж байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Миний мэргэжил бол миний бас нэг хобби. Яагаад гэвэл тасралтгүй суралцаж, шинийг санаачилж туршиж, сэтгэл судлалын ойлголтыг олон нийтэд олон аргаар хүргэх сонирхолтой. Байгальд аялах дуртай. Энэ хоббигоо мөн ажилтайгаа холбож туршиж үзэж байгаа. “Байгальд суурилсан адал явдалт сэтгэл засал”-ыг туршиж өнгөрсөн зун “Хил хамгаалах ерөнхий газар”-ын ажилтнуудад үйлчилгээ үзүүлсэн.
Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Сэтгэл заслаар сурч байна, туршилт судалгааг илүү нарийвчлан суралцаж ур чадвар болгож байна. Мөн Японы эмчилгээний иог сурч байна даа.


Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Орон нутаг, хотын захын дүүрэг сэтгэл зүйчээс тусламж авах боломж, хүртээмж хязгаарлагдмал газарт манай байгууллага “Явуулын сэтгэл зүйн үйлчилгээ”-г хүүхэд, эцэг эх, багш нарт зориулан сүүлийн 3 жилд 30.000 гаруй үйлчлүүлэгчид хүрч ажилласан. Энэ ажлаараа бахархдаг.
Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Шударга, ёс зүйтэй, бүтээлчээр ажиллаж амьдрах.
Тест оношилгооӨөрийн сэтгэл зүйн байдлаа тестээр үнэлБаталгаажсан асуумжаар бөглөж, үр дүнгээ шууд аваарай.Тест бөглөх →Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
2004 онд төгсөх үед сэтгэл судлаач мэргэжлээр албан ёсны ажлын байр байхгүй учраас өөр мэргэжлээр ажилласан ч үргэлж мэргэжлийнхээ ажлыг сайн дураараа хийж, бага багаар туршлага хуримтлуулж, тасралтгүй суралцаж, ажиллаж байна.
Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ? /харах өнцөг, бодол, хэв маяг гэх мэт/
Өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, амьдралаас сайн сайхныг илүү их мэдэрч байна.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Сүүлийн үед амралтын цаг бага учраас унтах, хоол хийх дуртай хэхэ
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
- Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны үйл ажиллагааг тогтвортой болгоход бага ч гэсэн хувь нэмэр оруулах;
- Монголын эмчилгээний иогийн холбоог үүсгэн байгуулсан учраас Японы эмчилгээний иогийн холбоотой хамтран ажиллаж өөртөө болон бусдын амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх аргыг турших, хөгжүүлэх;
- Германы гэр бүлийн тогтолцоот заслаар одоо сурч байгаа үргэлжлүүлэн суралцаж, ажиллах;
- ОХУ-Дүр дүрслэлийн заслын аргаар одоо сурч байгаа үргэлжлүүлэн суралцах, ажиллах;
- Гэр бүл хүүхдийн хэргийн шүүхийн сургагч багшаар ажиллах, мэргэшиж сурах;
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Монголын сэтгэл судлалын салбар хөгжлийн чухал үе шатанд ирсэн гэж харж байна. Салбарын хөгжил гэдэг нь зөвхөн сэтгэл судлаачдын тоог нэмэгдүүлэх асуудал биш мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, мэргэшлийн чиглэл тус бүрд тохирсон чадамжийн шалгуур, лиценз олгох, сунгах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр иргэд мэргэжлийн шаардлага хангасан сэтгэл судлаачаас чанартай аюулгүй үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Лиценз бол зөвхөн мэргэжилтний ажиллах эрхийн баталгаа биш, иргэдийн эрх ашиг, үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйг хамгаалах чухал механизм юм.
Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Сэтгэл судлаач бол бусдын бодлыг уншдаг, эсвэл хүний бүх асуудлыг шууд шийдэж өгдөг мөн энерги засдаг хүн огт биш харин шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүй ашиглан өөрийгөө ойлгох, асуудлаа шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Эхлээд өөрийнхөө сэтгэл зүй, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, давуу талаа танин мэдэж зорилготой суралцаж, өөрийгөө голохгүй тууштай туршлага хуримтлуулаарай.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлэх нь амьдралын чанарт эерэгээр нөлөөлнө мөн шаардлагатай үед мэргэжлийн тусламж авч сурах нь чухал.
Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны үүсгэн байгуулагчдын нэг П. Мягмаржаргал сэтгэл судлаач, багшийг урих хүсэлтэй байна.
Сэтгэл судлаач бол бусдын бодлыг уншдаг, эсвэл хүний бүх асуудлыг шууд шийдэж өгдөг мөн энерги засдаг хүн огт биш харин шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүй ашиглан өөрийгөө ойлгох, асуудлаа шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.
Хуваалцах: Facebook ·
