Нүүр › Сэтгэл судлаачтай ярилцъя
Сэтгэл судлаачтай ярилцъя
2025.12.18
11 мин унших

Сэтгэл судлаач Ж.Гэрэлчимэг

Энэ 7 хоногийн зочноор Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш Ж.Гэрэлчимэг оролцож байна.

Сэтгэл судлаач Ж.Гэрэлчимэг

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш, сэтгэл судлаач Жамъянсүрэнгийн Гэрэлчимэг оролцож байна.

Боловсрол

  • 2003–2007 Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын баклавар
  • 2008–2010 Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын магистр
  • 2015 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын докторантур

Ажлын туршлага

  • 2007 оноос Хилийн Албаны Сургууль сэтгэл судлалын тэнхимийн багш

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Тухайн үед арван жилээ төгсөөд конкурс өгөөд шалгалтдаа өндөр оноо авсан. Тухайн үед сэтгэл судлаач гэдэг мэргэжил их ховор байсан.

Манай нийгмийн ухааны багш улсын сургуулийн хуваариудыг харж байгаад “Миний охин энэ сэтгэл судлал чинь гоё шүү” гэж хэлж байсан. Багш нар маань сэтгэл судлалын мэргэжил их гоё, ирээдүйтэй мэргэжил гэж хэлж байсан. Тэгээд л сонгосон доо.

Анх энэ салбарт мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Гуравдугаар курсийнхээ анхны багшлах дадлагыг Энх-Орчлон, одоогийн Нийгэм, Сэтгэл судлалын дээд сургуульд хийж байсан. Тухайн үед өөртөө итгэлтэй их гоё хичээлээ удирдаж явуулсан. Тэгээд л өөртөө маш их урамшсан. Би багшилж чадах юм байна гэж бодсон.

Анх 9 сарын 14-нд хилийн цэргийн дээд сургуульд дадлага хийхээр очиж байлаа. Их найрсгаар хүлээж авсан. Төгсөөд тэнхимийн туслах багшаар анх орж байсан. Хил хязгаар гэж ямар байдаг, хилчин багш нарын ажиллаж амьдарч байгаа түүхийг мэдэж, мэдэрч ингэхээр өөрийн эрхгүй энэ мэргэжилдээ дурладаг. Ингэж миний ажил амьдралын гараа эхэлж, өдгөө 18 жил ажиллаж байна.

Сэтгэл судлаач Ж.Гэрэлчимэг

ДХИС-ийн сэтгэл судлалын хөтөлбөрийн онцлог юу вэ?

Хилийн Албаны Сургуулийн онцлог нь хил хамгаалах байгууллагын үндсэн боловсон хүчнийг бэлтгэдэг. Ерөнхий сэтгэл судлал гэхээсээ илүү цэргийн сэтгэл судлалын хичээл, агуулгыг түлхүү ордог.

Энгийн сургуулиас юугаараа ялгаатай гэхээр цэрэгтэй ажиллана, цэргийн орчин нөхцөлд ажиллана, хил хязгаарт ажиллана. Тэнд юун болж байгааг, юун болохгүй байгааг өөрөө ур чадвар, мэргэжлийн мэдлэгээрээ олж, мэдэж, ажиглаж, ёс зүйтэй хандаж ажиллах итгэл үнэмшил, ур чадваруудыг энд бэлтгэдэг.

18 настай залуучууд цэргийн албанд ирчихээр эцэг эхтэйгээ энгийн байж байсан хүүхдүүд хил хязгаар очоод эрх нь хязгаарлагдаад ирэхээр сэтгэл зүй нь хямрах зэрэг асуудал үүснэ. Тэгэхээр энэ дээр л тулж ажиллах сэтгэл зүйчдийг бид бэлтгэж байгаа юм.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Судалгааны ажил докторын ажил маань байна. Докторын ажлаараа “Сэтгэл зүйн нөөц” гэдэг сэдвээр бичиж байгаа. Судалгааны онцлог нь Монголын хөрсөндөө нутагшуулъя гэдэг зорилготой.

Цэргийн алба хаагчдаас бүсчилсэн хил хамгаалалтын онцлогоосоо хамаараад таван бүсийн 700 гаруй алба хаагчаас судалгаагаа аваад эхний боловсруулалтаа гаргаад өгүүлэл болгосон байгаа.

Гарын авлагын хувьд цэргийн сэтгэл зүйч, офицерын ширээний ном гэдэг гарын авлага боловсруулах ажил 2024 оноос эхлээд явж байгаа.

Таны хобби сонирхол юу вэ?

Хятадад хоёр сар сураад ирсэн. Хамт явсан багш нартайгаа агаарын теннис тоглож сурсан.

Манай сургуульд цайны цагаараа нас насаар нь холиод волейбол тоглодог. Ингээд бие биеээсээ суралцаад, хоорондоо өрсөлдөөд тоглодог. Энэ их сайхан жишиг.

Сэтгэл судлаач Ж.Гэрэлчимэг

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Шавь нар маань сайн явахад их бахархдаг. Төгссөн төгсөгч нар маань хүнтэй ажиллах арга барил сайтай, сайн явж, ажил мэргэжилдээ эзэн болж явдаг. Зөвлөгөөнд хамрагдсан суралцагч хичээл сургалтдаа идэвхтэй хамрагдаад, сайжраад эцэг эхчүүд талархаад ирэхээр их бахархалтай байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Хийвэл хийсэн шиг л хийдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг их бодож явдаг. Ер нь хүн эргээд уулзах нүүртэй байх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталж явдаг.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл

Монголд цэргийн сэтгэл судлалын ном, судалгаа барагтай байдаггүй, их ховор байсан. Тиймээс өөрсдөө кэйстэй болж, практик дээр ажиллаж байгаа хүмүүстэй ярилцаж, ахмад багш нараасаа асууж сурдаг байлаа.

Сүүлийн таван жил “Нийгэм сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээний хурлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жилийн хурлаа бид Олон Улсын хэмжээнд зохион байгуулсан.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Докторын зэргээ хамгаалах. Чанартай маш сайн гарын авлага, сурах бичиг гаргана гэсэн бодолтой байна. Рошахын сургалтад суусан энэ арга зүйг өөрийн болгон эзэмших зорилготой байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Амралтын өдөр их хурдан өнгөрдөг. Аль болох гэр бүлдээ л цаг зарцуулах, хоёр хүүхдээ спортоор хичээллүүлж, гадаад хэлний чадварыг нь нэмэгдүүлэхийг хичээдэг.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Бид нарын оюутан байх үед ихэвчлэн Орос сурах бичиг байлаа. Одоо бол Монгол хэл дээрх ном зохиол элбэг болж, сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэтгэл судлалын салбар эрчимтэй хөгжиж байна. Энэ нь нэг талаараа зөв ч гэлээ зарим талдаа сөрөг зүйл байна.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Цэргийн сэтгэл зүйч, албан байгууллагын сэтгэл зүйчдийг бүгдийг хийдэг супермен гэж битгий хараасай.

Мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Өөрийгөө маш сайн хөгжүүлж хэлээ сайн сур гэж хэлмээр байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи дээр бол сэтгэл судлалын ямар ч мэдээ мэдээллийг олж авах боломж байна. Сэтгэл судлаач хүн болж байгаагийнь энэрэнгүй, хүнийг боддог байгаасай.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалдаг байгаасай гэж уриалмаар байна. Монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудал их байна. Мэргэжлийн төвүүдэд очиж, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ аваарай гэж уриалмаар байна.

Дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Дотоод Хэргийн Их Сургуулийн сэтгэл зүйч Отгонсүрэн.

Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан сэтгэл судлаач: Б. Буянжаргал

Сэтгэл зүй гэдэг хилийн цэрэгт ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулахыг гол зорилгоо болгож ажиллаж ирсэн дээ.
Анхны уулзалт
Сэтгэл судлаач сонгох
Эмчилгээ
Супервиз

Ярилцлага таалагдсан уу? Өөрийн яриагаа эхлүүлээрэй

8 сэтгэл судлаач · онлайн, танхим · 3 алхамд цаг захиална.

Зөвлөгөөний цаг захиалах