Энэ 7 хоногийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Лхагвасүрэнгийн Энхтүшиг оролцож байна.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Лхагвасүрэнгийн Энхтүшиг оролцож байна.
Би санамсаргүй байдлаар сонгосон. Өөрийнхөө орохыг хүссэн мэргэжилдээ орж чадаагүй. Сэтгэл судлалын ангид хагас жил суралцаж байгаад шилжих төлөвлөгөөтэй байсан ч эхний семестр надад тун сонирхолтой байсан.
2009 оны намар би МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Г.Батболдын “Амьдрах ухаан” гээд жижигхэн хэвлэлийг сургуулийнхаа мухлагаас 3000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр бол Альфред Адлерийн ном. Надад “Insight” өгч өөрөө өөрийгөө ойлгоход маш тусалсан.
Залгуулаад Б.Туяа багшийн “Өрнөдийн бие хүний онол ба төлөөлөгчид” гээд ном байдаг. Тэр номыг бас их шимтэн уншсан. Энэ номууд бас надад их нөлөөлсөн.
Би тэнхимийнхээ Г.Сарантуяа багш, Г.Батболд багш хоёрыг их хүндэлж, даган дуурайдаг. Яг багш хүнд байх чанар аль алинд нь байдаг. Хүүхдүүдэд зааж байгаа арга барил, бие хүн нь их таалагдсан.
Хоёрдугаарт, оюутан байхаасаа эхлээд сэтгэл судлалын онолуудыг хүчээр цээжлэх биш амьдрал дээр хэрэглэж болох юм байна, бусад салбаруудтай харьцуулахад шууд амьдралд ойр онолууд юм байна гэдгийг сайн ойлгодог болсон. Оюутан байхаасаа FM-104.5-д өсвөр насныханд зориулсан нэвтрүүлэг хөтлдөг байсан. Сурчихаад эргээд заахад тэр бол их сайн сургалт болж үлддэг.
Хүмүүс надаас ямар мэргэжилтэй вэ? гэхээр би багш л гэдэг. Сэтгэл судлаач гэхээр их юм асуугаад явчихдаг. Багшийн мэргэжлийн сайхан нь хүмүүсээс маш их хүндлэл авдаг.
Би өөрөө сэтгэл зүйн талаасаа аль болох нэг дүрд баригдахгүйг хичээдэг. Багш, сэтгэл зүйч, аав, эсвэл тамирчин, эсвэл ямар нэгэн хобби сонирхдог хүн, заримдаа найз нөхдийнхөө дунд найз хэвээрээ баймаар байдаг. Энэ олон дүрүүд тус тусдаа байснаараа сэтгэл зүйд ашиг тустай санагддаг.
Багшаар 10 жил ажиллаж байхад надад сайхан онцлууштай зүйл юу вэ? гэхээр төгсөгчид маань нүдэн дээр сайжраад надаас илүү болж байгаа. Дараагийн түвшинд гарчихсан байна гэдэг процессыг харах дуртай.
“Дасгал хөдөлгөөний сэтгэл судлал”-ын номын эрхийг нь аваад орчуулж байгаа. Publishing-ийн зүгээс энэ зун гаргана. 2015 оноос хойш би орчуулга хийгээгүй юм билээ. Текст болгоныг өөрөө ойлгож, ухамсарлаж, орчуулах үйл явц надад их сонирхолтой байгаа.
Карл Рожерсийн “Хүн байх нь — сэтгэл засалчийн тэмдэглэл”, “Оршихуйн замнал” гэсэн манайхаас гарсан хоёр ном энэ зун дахин хэвлэгдэнэ.
Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Жавзандоржтой саяхан подкастаар ярилцсан. Сэтгэл судлал болон буддизм гэсэн сэдвүүдийг бариж аваад өөрсдийнхөө мэргэжил талаас тайлбарласан.
Судалгааны ажлын хувьд сүүлийн үед би жендерийн сэтгэл судлал их сонирхож байгаа. МУИС-ын жендер судлалын магистрын хөтөлбөрт элсчихсэн одоо сурч байгаа.
2019 оноос хойш “PSYCHATHON” тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа. Гол зорилго нь оюутнуудыг салбар хоорондын асуудлуудыг сонирхох боломжийг нээж өгөх, сэтгэл судлал болон технологийг хослуулах.

Миний өмнөх хобби бол сууж орчуулга хийх байсан. Орчуулга хийх явц бол надад маш сонирхолтой, гоё байдаг.
Өмнө нь спортоор хичээллэдэг, хаая гүйдэг байсан бол одоо өдөр тутамдаа дадал болгоод явж байна. Угаасаа биеийн хөдөлгөөн ямар байна тэрнээсээ шалтгаалаад сэтгэл санаа хамаардаг учраас дасгал хөдөлгөөнөөр сэтгэл санаа болон бусад асуудлаа шийдэж болоод байна аа гэдгийг өөрийн биеээр мэдэрээд байна.
Судалгааны арга зүйд өөрийгөө ахиулсан гэж бодож байна. 42км гүйж сурсан — бүтэн марафон. Сая хоёрдох удаагаа гүйсэн. Гуравдах нь бол хүнтэй харилцах “soft skill” бага зэрэг сайжирсан. Гүйлтийг яг тасралтгүй дадал болгоод гурван жил болж байна.

Багш нарт нэг ийм юм байдаг. Энэ хичээл их сайн явчихлаа, энэ лекц бол их гоё явчихлаа гэх өөртөө сэтгэл ханамжтай байх үе байдаг. Хоёрдугаарт, бид хэдийн гаргасан бүтээгдэхүүн нийгэмд хувь нэмрээ оруулаад, дуу хоолойгоо өргөөд явж байгааг харах сайхан байдаг.
Надад өөрийн гэсэн үнэт зүйл байна. Бидний мэргэжил бол бусадтай харилцах харилцаанд тодорхой хэмжээний луужин болж өгч байгаа. Бусадтай аль болох зарчмыг баримталж ажиллахыг хичээдэг.
Би бол хориод насандаа оюутан байхдаа сэтгэл судлал надаар дутах юм шиг санагдаж, та нар яагаад ийм зүйл хийдэггүй юм бэ? гэж бусдыг буруутгадаг байсан. Одоо 30-аад насанд бол надтай надгүй сэтгэл судлал хөгжих юм байна гэдэг үе дээрээ явж байна. Өөрөөр хэлбэл нас ахих тусам бие хүний хувьд их төлөвшдөг юм байна.
Мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш бусдыг гэхээс илүү өөрийгөө ойлгодог болсон. Хэдийгээр биологи нь нас бие гүйцсэн боловч сэтгэл хөдлөлийн хувьд нас биед хүрэх чинь тусдаа чухал ойлголт юм байна.
Би оюутнууддаа хэлдэг “Хүн бол алдаа онооны зарчим дээр бие хүн нь төлөвшдөг” гэж. Алдсан бол дараагийн удаа алдаа гаргахгүй байх, хэрвээ оносон байвал дараагийн удаа тэр үйлдэл улам батжих.
Жендер судлалын магистраа дараа жил төгсөнө. Сэтгэл судлалын докторын диссертацаа хамгаална. Тэгээд марафоны тамирчин болох хүсэлтэй байна. Экстрим спортоор хичээллэж үзэх сонирхолтой байна.
Улирлаас шалтгаалаад янз янз л даа, гэхдээ бүтэн сайны орой бол би нэгдэх өдрийнхөө хичээлийг бэлддэг. Зун бол хагас сайн өдөр лагерь луугаа явж модоо тарина, ногоогоо тарина. Гэхдээ миний бүх өдөр амралтын өдөр шиг өнгөрдөг.

Танай өмнөх дугааруудын ярилцлагуудыг үзсэн чинь салбараа их эерэгээр хардаг юм байна лээ. Би бол эсрэгээр нь харж байгаа. Яагаад гэхээр манай их дээд сургуулиудад сэтгэл судлалын лаборатори нэг ч алга.
Хоёрдугаарт, бид хэдийг зохицуулдаг холбоо, институт байхгүй байна. Гуравдугаарт, бид хэд дунд мөрдөгддөг ёс зүй, зарчим, дүрэм одоо болтол байхгүй.
Дөрөвдүгээрт, бакалавраа төгссөн оюутнуудын төгсөлтийн ажлыг үзэхэд дандаа боловсролын сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлалтай холбоотой сэдвүүд хамгийн түгээмэл байгаа. Өөрөөр хэлбэл салбар хоорондын асуудлыг сэтгэл судлалын оюутнууд огт сонирхохгүй байна гэсэн үг.
Одоо бол “influencer” сэтгэл зүйч нараас болоод их гоё ярьдаг, шууд мотивац өгдөг ийм сэтгэл зүйч нар байдаг юм байна гэж ойлгоод байгаа. Эргээд өөрсдийнхөө бий болгосон имижийг засаж залруулаасай гэж бодож байна. Бид нар ер нь системтэй, онолын доор л амнаас үг гарах ёстой.

Миний гаргасан албан бус тооцоогоор жилд нэг 800–1000 оюутан төгсөж байгаа. Энэ бол хэтэрхий их тоо. Элсэх гэж байгаа хүүхэд залуус байвал энэ их нийлүүлэлтийг бас харж үзээсэй гэж бодож байна. Хоёрдугаарт бие хүнд чинь нийцэхээр мэргэжил байна уу? үгүй юу гэдгийг бодох.
Салбар хоорондын асуудлыг сонирхоосой гэж хүсэж байна. Одоо боловсролын сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлалаасаа илүү харах хэрэгтэй байна.
Ер нь бол манай Улаанбаатар хот болон Монгол улс стрессийн түвшин, түгшүүр, сайн сайхан байдлаараа дандаа доогуур үзүүлэлттэй байдаг. Манайд бол улс төр, нийгэм, эдийн засаг хүнд байгаа ийм үед амьдралынхаа хажуугаар бие сэтгэлээ авч яваад өдий хүрсэн та нар мундаг шүү гэмээр санагддаг.
Аутизм Монгол Анд ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнх-Оргил их даруухан, нэг байгууллагатаа, нэг салбар чиглэлээр удаан ажилласан, мэргэжилтэн гэж хэлж болох цөөн хүмүүсийн нэг. Өөрийнхөө ажил мэргэжлийг яриасай гэж бодож байна.
Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан сэтгэл судлаач: Б. Буянжаргал
Утас: +976 7732 4232
И-мэйл: psychology.npc@gmail.com
8 сэтгэл судлаач · онлайн, танхим · 3 алхамд цаг захиална.