Энэ 7 хоногийн зочноор Премиум Нэксус ХК-ийн талент менежер, сэтгэл судлаач Чулуунбаатарын Батзаяа оролцож байна.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Премиум Нэксус ХК-ийн талент менежер, сэтгэл судлаач Чулуунбаатарын Батзаяа оролцож байна.
Би анх өөрөө хэлний чиглэлээр суралцах, судлах сонирхолтой байсан. Орост очоод анх орос хэлний багш маань надад багш, сэтгэл судлаач болбол яасан юм бэ, чамд яг хүнийг сонсох, ойлгох чадвараас эхлээд тохирно доо гээд л мэргэжлийн талаар тайлбарлаж, сонголт хийхэд нөлөөлсөн.
Судалгааны чиглэлээр эхэлсэн ажил маань дараагийн шатанд чухал суурь болж өгсөн. Премиум Нэксус ХК-д сургалтын мэргэжилтнээр ороод хүмүүсээ судлаад шууд л хэд хэдэн софт скилийн сургалтууд бэлтгээд ажилтнуудад ороход маш олон ажилтан нэг дор хамрагдаж “зөвхөн ажил дээр ч гэхгүй амьдралд хэрэгтэй сургалт байлаа” гэх сэтгэгдлүүдийг аваад урам орч эрч хүчтэйгээр ажиллаж эхэлсэн.

Одоо байгууллагын хүний нөөцийн чиглэл рүүгээ илүү түлхүү ажиллаж байгаа ч, үндсэн мэргэжил маань маш том суурь нь болж өгдөг. Байгууллагадаа хийж хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэл үр дүн 3000 гаран ажилтны сэтгэл зүй, тэдний амьдралд цаашлаад тэдний гэр бүлд, нийгэмд хүртэл нөлөөлөхүйц ажил хийж байгаадаа үнэ цэнтэй гэж хардаг.
Ажлын байран дээр нь тохирох зөв арга барилаар сургаж чаддаг, хийсэн ажил, гүйцэтгэлийг ялгаварлалгүйгээр үнэлж чаддаг байх систем буюу сургалт, гүйцэтгэлийн үнэлгээний зөв тогтолцоог бий болгохыг зориж байна.
Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэл, ур чадварт сэтгэл зүйн хувьд ямар хүчин зүйлс нөлөөлж байна, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдлийн ямар өөрчлөлтүүдийг хийх боломжтой байдгийг судлаж байгаа. Ялангуяа жижиглэн худалдааны салбарт ажилтнууд маань хийж буй ажилдаа хэрхэн сэтгэл ханамжтай ажиллахын хажуугаар, урт хугацаанд үлдэн цаашдын ажлын зохион байгуулалтыг хэрхэн хийж болох талаар судлан хэрэгжүүлж байна.
Оюутан цагаасаа йогаар хичээллэж, бясалгал хийх нь хамгийн дуртай хобби хэвээрээ. Ялангуяа бясалгаж өөрт төвлөрөн дотор нь орох мэдрэмж гоё л доо.
Нэгт, хүн ямар ч үед суралцахад өлсгөлөн байх — шинэ зүйлийг сурахдаа өмнөх мэдээллийг харахгүйгээр шинээр сурч байгаа мэт хүлээж авах.
Хоёрт, суралцаж байх үедээ хүн зөвхөн аливаа нэг асуудлыг шийдэж байна гэж хардаг ч яг үнэндээ тухайн хүн давхар өөрийн хэрхэн бодож сэтгэж байгааг анзаарах хэрэгтэй байдаг.
Гуравт, удирдлагын манлайллын ур чадвартай холбоотой нийтлэл, сургалт, судалгааг уншиж судлаад явж байгаа.

Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх үедээ анх үйлчлүүлэгчийн нулимс, сэтгэлийн үг, нүдэн дээр харагдаж байгаа хүний зан хандлагын өөрчлөлт маш их догдлуулж байсан.
Чин сэтгэлээр хандах, байгаа газартаа хэрэгтэй хүн байх, зөв зүйл хийхийг хичээх. Ажилд ч амьдралд ч цагаа гаргаж байгаа бүхэндээ хэрэгтэй нэгэн байх гэдэг чухал санагддаг шүү.

Олны өмнө гарч ярих — хүн дахин дахин хийгээд ирээхээрээ туршлагаждаг байх. Гэхдээ сүүлийн 2 жил сургалт бараг ороогүй, сүүлд хэдэн сарын өмнө олон хүний өмнө гарч ярихад бас л анхных шигээ сандарч байна лээ. Тэгэхээр үнэхээр сайн ойлгомжтой, тодорхой ярьж байгаа хүн шууд л тийм болоогүй, олон удаагийн хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг ойлгосон доо.
Олон зүйл байгаа ч хамгийн чухал нь аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг байх. Хэнд ч юунд ч буруу зөв гэхгүй байгаагаар нь хүлээн авч, мөн өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар нэмэгдсэн гэж боддог.
Талент менежментийн чиглэлээр илүү мэргэших хөгжих зорилготой байна.

Аль болох өөртөө болон гэр бүлдээ цаг гаргахыг боддог. Шинээр суралцаж буй зүйлс дээрээ цагаа гаргахыг хичээдэг.
Сэтгэл судлалын салбар хөгжих ирээдүйтэй байна. Ялангуяа монгол хүний сэтгэл зүйн онцлог, давуу болон сул талуудыг судлаж илрүүлэх, судалгааны үр дүнд суурилан шийдвэр гаргах суурь аль хэдийн тавигдсан гэж бодож байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө богино хугацаанд асуудлыг бүрэн шийддэг гэх эндүү ойлголт түгээмэл хэвээр байна. Энэ нь олон талын хүчин чармайлт, хугацаа шаарддаг процесс гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ сэтгэл зүйн асуудлууд 1–2 цаг дотор шийдэгдэх зүйл биш юм.
Өдөр бүр олон хүний асуудлыг сонсох, судлах чадвар болон “хүн”-тэй ажиллах, харилцах хүсэлтэй эсэхээ сайн бодож шийдэх хэрэгтэй. Магадгүй багш нартайгаа, бүр эргэлзэж байвал мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж ярилцах, сонирхож буй чиглэлийн мэргэжилтнүүдийн ярилцлагыг сонсож үзээд шийдвэрээ гаргаарай.
Сэтгэл судлалаар сурч буй оюутнууд маань юуны түрүүнд өөрийгөө ойлгох, мэргэжлийн практик дээр гарахад цаашид өөрийгөө илүү сайн хөгжүүлэх арга барилаа олоход анхаараарай. Асуудалгүй хүн гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ өөрийгөө маш сайн мэддэг, өөрийн асуудлыг ойлгосон, хүлээн зөвшөөрсөн, шийдлээ хайж үйлдэл хийсэн байх шаардлага тавигдана.
Бусдыг өөрчлөх гэхээс илүү өөрийн дотогшоо өнгийж, аливааг хүлээж авах чадвараа хөгжүүлээсэй гэж хүсдэг. Хүн төвтэй нийгэмд амьдрахыг хүсдэг ч бид өөрөөсөө эхлэж хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ нийгэмд нөлөөлж байгаа гэдгээ ухамсарлан дор бүрнээ бага ч атугай хичээгээсэй гэж уриалмаар байдаг.
СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Хонгорзулыг урих саналтай байна.
Утас: +976 7732 4232
И-мэйл: psychology.npc@gmail.com
8 сэтгэл судлаач · онлайн, танхим · 3 алхамд цаг захиална.